Цэвдэгтэй газар барилга барих

Цэвдэгтэй газар барилга барих

Монгол орны цэвдэгтэй бүс нутгууд болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга, Завхан аймгийн Баянхайрхан сумын Эмнэлэгийн өргөтгөлийн барилга, Завхан аймгийн Отгон сумын Цэцэрлэгийн барилгуудад цэвдэг хөрсийг гэсэлтээс хамгаалах хөргөгч хоолой Термосифон-г суулгах эхний хэсгийн ажил болох барилгын суурийн доогуур өрөмдөж термосифон хоолойн доод хэсгийг суулгаж өглөө.

Барилгын хагарал, цуурал, эвдрэлийг зогсоохын тулд цэвдгийн дээд хэсгийн гэсэлтийг тогтоон барьж гэсгээхгүй байх ёстой. Цэвдэг хөрс нь дулааны улиралд бүрэн гэсэхгүй хөлдүү төлөвт байснаар барилгад гажилт өгч хагарал, цуурал, эвдрэл үүсэхгүй гэсэн үг юм.

Үүний тулд Монгол орны нөхцөлд арав гаруй жил туршиж, практикт нэвтрүүлсэн хөргөгч хоолой Термосифоныг барилгын суурийн доор хийж өгнө.

Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Ингэснээр цэвдэг хөрсийг илүү гүн хөлдөөж дулааны улиралд бүрэн гэсэлт явуулахгүй барьдаг технелоги юм.

Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой.

  • Цэвдэгтэй газар баригдсан барилгад термосифон хоолойг ашигласнаар цэвдгийн гэсэлт, суулт үүсхээс урьдчилан сэргийлж чадна
  • Термосифон хоолойн анхны зардал өндөр ч ашиглалтын хугацаа урт, нэмэлт тог цахилгаан ашигладаггүй, байгаль цаг уурын нөхцөл буюу сэргээгдэх эрчим хүч ашигладаг
  • Барилга байгууламжийн суурийн бат бөх чанар, урт насжилттай болох нөхцлийг бүрэн хангаж чадах орчин үеийн технологи
  • Цэвдэгтэй улс орнууд болох АНУ, Канад, Хятад, ОХУ гэх мэт хөгжингүй улс орнууд бүгд уг төхөөрөмжийг инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжид ашиглаж цэвдгийн гэсэлтээс үүсэх гэсэлт, суулт, гажилтаас урьдчилан сэргийлж байна.

Барилга, байшин барихдаа:

  • Талбайн инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ
  • Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш
  • Хэрэв цэвдэг хөрстэй бол Барилгын буурь суурийн норм, дүрмийг баримтал

Холбоотой мэдээ