Авто замын доорх цэвдгийн гэсэлтийг тогтоон барих технелоги

Авто замын доорх цэвдгийн гэсэлтийг тогтоон барих технелоги

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарсан юм. Авто замын тодорхой хэсгүүдэд зуны улиралд цэвдгийн гэсэлтийн улмаас суулт өгснөөс зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл, болон гүйцэтгэгч компанийн хүсэлтээр "Геокрио" ХХК гүйцэтгэгч компанитай хамтран авто замын хэсэгт хөрс, цэвдэгийн геофизикийн судалгааг хийлээ.

Доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт бетон гадарга нь нарны энергийг өөртөө ердийн хөрснөөс илүү их шингээж улмаар хөрсний гүн рүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс  сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайланг 2021 оны зун хийсэн.

Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд өртөж хотойлт суулт өгсөн хэсгүүдэд цэвдгийн гэсэлтийг зогсоох аргуудын нэг болох термосифон хоолойнуудыг 2021 оны 10-12 дугаар сард суурилуулсан.

Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Гадаад орчны хүйтэн температурыг цэвдэгтэй хөрс рүү дамжуулж тухайн орчноо хөргөж хөлдөөнө гэсэн үг юм.

Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм.

Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу болон гогцоо хэлбэрийн хоолойг суурилуулсан. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.

Замын далангийн доогуур суурилуулсан термосифон хоолойн ёроолын температур нь:

2021.11.25 – 2022.02.26-ын хооронд

  • Хамгийн ихдээ -14°С хүртэл буурсан бол
  • Тогтвортойгоор -8°С-аас -10°С-ын хооронд байлаа.

Бидний хяналтын мэдээгээр термосифон хоолой замын доорх цэвдгийн идэвхтэй давхаргын дээд хилийг маш сайн хөргөж, цэвдгийн гэсэлтийг тогтвортой барих боломжтойг баталж байна.

Холбоотой мэдээ