Цэвдэггүй бол ус, ургамалгүй болно

Цэвдэггүй бол ус, ургамалгүй болно

Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг.

Хавар түрүүлж ногоо иддэг, намар сүүлдэж шарладаг газар бол өлөн буюу довтой хэсэг юм. Тэгвэл тэр газрын дор битүү мөс буюу цэвдэг байгаа аж. Сүүлийн жилүүдэд довтой газар харлаад байдаг болсон. Энэ нь дэлхийн дулаарлыг илэрхийлэх бөгөөд цэвдэг үгүй болж байна гэсэн үг...

Монгол улс цэвдгийн тархалтаараа дэлхийд 5-рт ордог.

Цэвдэг (permafrost) гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс, чулуулгийг хэлнэ(H.French, 2007). Гэвч энэ нь мөнхийн, тогтмол гэсэн утга санааг агуулдаггүй бөгөөд уур амьсгал болон бусад хүчин зүйлийн нөлөөнд хувьсан өөрчлөгддөг. Харин тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших, ядаж өөртөө агуулах чийгийн зарим нь мөс болсон хөрс, чулуулгийг олон жилийн цэвдэг (многолетнемёрзлые горные породы) гэж тодорхойлсон байдаг(В.А.Кудрявцев, 1978).

Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог (Т.Zhangetal,2006).

Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг.

“Монгол орны цэвдгийн тархалтын зураг”. 1:1000 000 масштабтай (Я.Жамбалжав 2016)

Цэвдгийг температураар нь хүйтэн (cold permafrost) ба дулаан цэвдэг(warm permafrost) гэж хоёр ангилдаг. Хүйтэн цэвдэг нь өндөр өргөрөг болон өндөр уулсын үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсд -2°С-ээс бага температуртай байдаг. Харин дулаан цэвдэг нь -2°С-ээс их температуртай бөгөөд цэвдэгт бүс нутгийн өмнөд захаар ихэвчлэн тохиолддог. Монгол орны Дархадын хотгор, Хангайн гол нуруу, Шар усны гол зэрэг бүс нутгуудад хүйтэн цэвдэгтэй бол уулсын бэл хормой, хөндий, хотост дулаан цэвдэг тархсан байдаг.

Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн 14.8% ноогдох бөгөөд үргэлжилсэн тархалттай цэвдэг 31158 км2, тасалданги тархалттай цэвдэг 14462 км2, алаг цоог тархалттай цэвдэг 11459 км2, тохиолдлын тархалттай цэвдэг 11571 км2 талбайг тус тус эзлэнэ.

Цэвдэг нь их хэмжээний мөс, чийг өөртөө агуулдаг нь ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Цэвдгийн гэсэлт, багасалт нь улирлын гэсэлтийн гүн болон газрын гадаргын температурыг нэмэгдүүлэх, усны нөөц болон ургамлын төрөл зүйлийг багасах гэх мэт экологийн сөрөг үр дагаврыг бий болгодог. Энэ нь тухайн газарт газрын доройтол, цөлжилт үүсэх нөхцлийг бүрдүүлдэг(Meixue Yang, 2004).

Цэвдгийн экосистемд үзүүлэх нөлөө их тул түүний оршин тогтнолд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйлсийг тодорхойлох нь шинжлэх ухаан болон практикт өндөр ач холбогдолтой.

Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны нөөцийн нэг хэлбэр болно. Мөн хөндий хотсын төв хэсгийн чийг намагтай хэсэгт, уулсын ар хажуугийн шилмүүст ойн дор цэвдэг голчлон тархсан байдаг учир энэхүү экосистемийн чийг дулааны горимыг тэнцвэржүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Манай орны ихэнх том гол, горхи эх ундаргаа цэвдэгтэй өндөр уулсаас авсан байдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлдэг байна.

Цэвдэг нь маш олон төрлийн ач холбогдолтойгоос гадна нөгөө талаас түүн дээр баригдсан барилга байгууламжийг гажаах, ан цав, хагарал үүсгэх гэх мэт сөрөг нөлөө их байдаг.

Холбоотой мэдээ